ДЭМБ-ын мэдээлэж буйгаар нийт хэрэглэгдэж байгаа бактерийн эсрэг эмүүдийн 50-иас илүү хувь нь зохисгүй хэрэглэгдэж байна.
ДЭМБ, ЭМЯ-ны 2001 оны хамтарсан судалгаагаар эмийн нийт хэрэглээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 25,3%, сумын эмнэлэгт 20,6%, өрхийн эмнэлэгт 19,4% тус тус антибиотикийг хэрэглэж байгаа нь дунджаар 21,76% болох бөгөөд антибиотик эмийн улсын дундаж хэрэглээ 27,9% байна.
Эмийн зохистой хэрэглээний тухай ДЭМБ-ын баримт бичгүүдэд зөвлөмж болгохдоо:
• Аливаа өвчний үед тохирох өндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эмийг оновчтой сонгож авах.
• Эмчилгээний үр дүнг хэрхэн хянах хийгээд үр дүнгээс хамааруулан цаашид тэрхүү эмийн хэрэглээг хэрхэн зохицуулах.
• Эмийн хэрэглээний явцад үүсч болох сөрөг нөлөөнөөс хэрхэн сэргийлэх.
• Эмүүдийг өөр хооронд нь болон хоол ундтай хэрхэн уялдуулан хэрэглэх зэрэг асуудлыг нэн чухалчилсан байна.
ДЭМБ-ын 1999 оны зөвлөлгөөнөөс:
• Антибиотикийн зохистой хэрэглээг урамшуулах, мөн хэрэглээнд тавих хяналтын бодлогыг боловсруулах.
• Нянгийн антибиотикт тэсвэрлэг болоход ба эмнэлгийн доторхи халдварт тавих хяналт, мөн урьдчилан сэргийлэлтийн чанарын үнэлгээний стандарт болон аргыг боловсруулах.
• Нянгийн эсрэг бэлдмэлийг шинээр нээх суурь судалгааг урамшуулах.
• Төр, захиргаа, олон нийт, шинжлэх ухааны байгууллагууд болон эмийн үйлдвэрийн хоорондын хамтын ажиллагааг нягтруулах гэсэн үндсэн чиглэлийг зөвлөмж болгож байх нь эмийн хэрэглээнд анхаарч үзэх асуудлын нэг мөн.
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай. Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэнэ. Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэргэлнэ. Вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэхгүй.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох, мөөгөнцөртөнө. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.
Эмийг зохисгүй хэргэлбэл
Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас эмийг өөрийн дураар хэрэглэсний улмаас эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал элбэгшиж эрүүл мэнд амь насаараа хохирох, антибиотик хэрэглэх дадал газар авсны улмаас антибиотикт дасалтай нянгийн омгууд олноор бий болж, антибиотик эмчилгээний үр нөлөө буурах, нянгийн халдвар хүнд явцтай явагдах болсон зэрэг нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зүй ёсоор түгшээж байна.
Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эмийн нэр төрөл олширч байгаа нь эмийг зөв сонгох, оновчтой хэрэглэхэд улам бүр түвэгтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд зөвхөн эмч, эм зүйч нар төдийгүй энгийн хэрэглэгчдэд ч үнэн зөв мэдээлэл чухал ач холбогдолтой болж байна.Ашиг олох зорилгоор эмийг хэт дөвийлгөн сурталчилах, жороор олгодог эмийг жоргүйгээр олгох зэрэг нь эмийн зохисгүй хэрэглээг үүсгэж буй хүчин зүйл болсоор байгаа бөгөөд сурталчилгааны компанит ажил, рекламуудаас үүдэлтэй шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ойлголтууд газар авсаар байгаа юм. Хөгжиж буй орнуудад жороор олгодог эмүүд жоргүй олгогдсоор, үүнтэй уялдан өөрийгөө эмчлэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрсээр байна. Манай иргэдийн дунд дараах байдлаар эмийг зохисгүй хэрэглэх явдал олонтаа гарч байгааг сануулахад илүүдэхгүй
· Хэрэгцээгүй буюу эмчийн заалтгүй эм хэрэглэх
· Хэрэгцээт эмийг хэрэглэхгүй байх, эсвэл хэрэгцээт эмийг оновчтой сонгоогүй байх
· Эмийн тун, хэрэглэх цаг, эмчилгээ үргэлжлэх хугацааг зөв баримтлахгүй байх
· Хэрэглэх арга оновчгүй байх, тарилгад хэт шүтэх
· Хэт олон эмийг нэг дор хэрэглэх
· Эмчид дутуу мэдээлэл өгөх
· Чанарын баталгаагүй эм худалдан авч хэрэглэх
· Эмийн үр дүн илэрч болох гаж нөлөөний талаар дутуу мэдээлэл авах:
Ард иргэд эмийг хэрэглэхдээ юуг гол анхаарах шаардлагатай вэ? Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж байгаа өвчнөөс хамаарна. Түүнийг таны эмч зааж зөвлөж өгөх болно.
Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч эдгэрэнэ гэж хүмүүс боддог. Энэ бол худал атлаа аюултай бодол юм. Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрдэг.
Илрэх хордлогын шинж тэмдгүүд нь дотор муухайрч, бөөжис цутгах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, чих шуугих, амсгаадах зэрэг бөгөөд эдгээр шинж нь эмийн гаж нөлөөний шинж ч байж болно. Эм болгонд харилцан адилгүй байдаг бөгөөд, уг эмийн хэрэглэх үед ямар гаж нөлөө илэрч болзошгүйг эмийн зааварт бичсэн байдаг. Хэрэв та аль нэгэн эмэнд харшилтай гэдгээ мэдвэл түүнийг дахиад хэзээ ч бүү хэрэглээрэй. Дахин хэрэглэвэл тэр эм урьдахаас илүү ноцтой урвал өгөх ба тэр ч байтугай үхэлд хүргэж болзошгүй. Ялангуяа та аль нэг эм хэрэглээд дараа нь таны арьс загатнах, аман дотор памбайж хавдах, эсвэл амьсгалхад төвөгтэй болох, бие хөөж памбайх шинжүүд илэрвэл эмнэлгийн тусламжийг маш яаралтай авах хэрэгтэй. Эм ашигтай байж болно. Гэвч эм нь, чанартай сайн хоол, эрүүл аж төрөх ёсыг хэзээ ч орлож чадахгүй. Зарим өвчин эмгэгийн үед зөвхөн их хэмжээний шингэн уух, зарим өвчний үед сайн амрах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх явдал хамгаас чухал эмчилгээ болох нь бий.