tuya
2016-11-03
Сэтгэл гутралыг даван туулах арга

Сэтгэл гутрал гэж юу вэ
Хүний амьдрал тэр чигээрээ сонин, содон зүйлсээр дүүрэн. Тийм ч учраас хүн амьтнаас уурлах, инээх болон бухимдах, бодлогошрох зэрэг үйлдлээрээ ялгарах онцлогтой. Бидний амьдралд гадны нөлөөллөөс үүдэж сэтгэл санаа байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг өдөр маш их аз жаргалтай байсан бол маргааш нь ямар нэгэн зүйлээс болж сэтгэл санааны дарамтад орох боломжтой. Тэгвэл та бидний амьдралын нугачаан дунд тохиолддог зүйлийн нэг бол сэтгэл гутрал юм.

Сэтгэл гутрал нь энгийнээр бол бидний амьдарч буй нийгмийн нөлөөллөөс хүний дотоод зүрхийг хөндөн шархлуулж буй оюун ухааны дарамт гэж ойлгож болохуйц асуудал юм. Сэтгэл гутрал олон янзаар илэрдэг. Учир нь удамшлын болон дотоод сэтгэл зүрхнээс шалтгаалсан сэтгэл гутрал гэж бий. Мөн сэтгэл зүйн дарамт, тааламжгүй үйл явдлын шалтгаант, бие махбод болон уураг тархины органик шалтгаант зэрэг хүчин зүйлээр илэрдэг.

Сэтгэл гутралд хүрэх гол шалтгаан
Сэтгэл гутрал үүсэхэд биологи, нийгэм, сэтгэл зүйн гаралтай хүчин зүйлээс ихээхэн нөлөөлдөг. Энэ нь ажилгүйдэл, байр орон сууцны бэрхшээл, гэр бүлийн санхүүгийн асуудал зэрэгтэй холбоотой. Үүнээс гадна ажил, сургууль дээрх шахалт болон аливаа зөрчил зөрчилдөөн, архи, тамхи гэх мэтийн мансууруулах бодис удаан хэрэглэх нь сэтгэл гутралд автах эх үндсийг бий болгодог. Өнөөдөр Монголчуудын амьдралд дээрх гутралууд их тохиолдож байгаа ч гэр бүлийн тааламжгүй байдал, бэлгийн хүчирхийлэлд өртөх, ойр дотны хүн нь хүндээр өвчлөх зэргийн асуудал тулгарахад хүмүүс амархан сэтгэл санааны тайван бус байдалд орох буюу улмаар сэтгэл гутралд өртөх нь ихэсдэг.

Сэтгэл гутралд орсноо яаж мэдэх вэ
Сэтгэл гутралд орсон эсэхээ хүмүүс сайн анхаарч байх хэрэгтэй. Нэгэнт өвчилсөн бол өвчтөнөөс дараах зовиур шаналал ажиглагддаг. Энэ нь цээж, зүрхээр хатгаж өвдөх, өтгөн хатах, сэтгэл санаа дундуур, уйтгартай болох, амархан ядарч сульдах зэрэг юм. Мөн ямар нэгэн зүйлд хандах анхаарлын төвлөрөлт муудаж, нойр хүрэхээ болих ба хоол идэх дур хүсэл буурна. Үг яриа цөөрч, ганцаардлын байдалд орохоос гадна бэлгийн чадавх сулардаг сөрөг талтай.

Өвчтөний хоёрдогч шинж тэмдэг
Нойр хүрэхгүй байх, анхаарал сарнимтгай болох, өөртөө сэтгэл дундуур, өөрийгөө дорд үзэн бусдаас доогуур үнэлэх зэрэг нь давтан илрэх боломжтой. Тиймээс сэтгэл гутрах эмгэг нь нэг биш дахин давтан тохиолдож болно. Зарим тохиолдолд түгшүүр, бухимдал, догширлын хэлбэрээр илрэх магадлалтай. Өнөө үед бидний амьдралд янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэл зүйн эмгэгт өртөх магадлал өндөр болсон. Учир нь өнөөдөр бидний амьдран буй орчин тайван амьдрах нөхцлийг хангаж чадахгүй байгаа гэдэгт хэн бүхэн санал нийлэх байх. Наад зах нь энгийн жишээгээр тайлбарлахад зам хөндлөн гарахдаа хүртэл айж бухимдах, сэтгэл түгших байдалд орж байна шүү дээ. Хүний сэтгэл санаа тайван байгаа тохиолдолд амар тайван амьдрахаас гадна урт насална.

Сэтгэл гутралыг хэрхэн ангилах вэ
Үүнийг тухайн өвчтөнүүдийн илэрч буй шинж тэмдгээс нь хамаарч хөнгөн, хүнд дунд, хүнд зэрэг гэж ангилдаг. Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал нь ойр зуурын яльгүй асуудлаас үүссэн байдаг. Тухайн өвчтөн үүнийгээ мэдсэн даруйдаа арга хэмжээ авч чадах юм бол амархан эдгэрэх боломжтой. Хүнд дунд хэлбэрийн сэтгэл гутрал даамжирбал хүнд хэлбэрт шилжих хандлагатай. Тийм учраас тухайн өвчтөн заавал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Харин хүнд хэлбэрийн үед өвчтөн хий үзэгдэл үзэх, сэтгэл санааны дэмийрэлд автаж болзошгүй. Энэ нь харьцангуй цөөн тохиолддог ч ийм байдалд орохгүй байх боломжтой юм.

Өвчтөн ба түүний гэр бүлд өгөх мэдээлэл, зөвлөгөө
Сэтгэл гутрал нь хүний амьдралд элбэг тохиолддог ч эмчилгээ сайн авдаг эмгэг юм. Тийм учраас тухайн өвчтөнд гэр бүл, ойр дотны хүмүүс нь байнга анхаарал халамж тавьж байх шаардлагатай. Өвчтөнтэй сэтгэл санааны гутралд хүргэсэн болон сэдээгч хүчин зүйлсийн талаар харилцан ярилцах, асуудлыг өөрийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхийг эрмэлзэх нь чухал. Мөн амьдралд өөдрөг хандах итгэлийг нь төрүүлэх, тухайн нөхцөл байдалд нь тохируулан идэвхжүүлэхээс гадна өөрөө өөртөө итгэх итгэлийг төрүүлэх зэргээр сэтгэл санааных нь хувьд сайн дэмжиж туслах хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд эмчлэх, хяналт тавих боломжгүй нөхцөлд мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах нь чухал.

Хэн ч сэтгэл гутралд орж болдог
Өвчтөн сэтгэл гутралд орсноо мэдсэн тохиолдолд заавал мэргэжлийн хүнд үзүүлж байх шаардлагатай. Тэгвэл тухайн өвчтөний өвчин, шаналал нь бага багаар нимгэрч эхэлнэ. Хүмүүс мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ханддаггүй учраас өвчнөө хүндрүүлэхэд хүргэдэг. Сэтгэл гутралд орсон өвчтөн амьдралд тохиолдох аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээгүйн улмаас сэтгэл санаагаар унаж, гутарсан, уйтгар гунигт автагддаг. Мөн сэтгэхүйн үйл ажиллагаа удаашралд орсон нь ажиглагдана. Хүний дотоод сэтгэл зүрхийг ярилцаж байж, уудалж гаргаж ирдэг учраас хэн ч сэтгэл гутралын байдалд орж болдог. Учир нь хүн ямар нэгэн асуудлыг дотроо хадгалж явсаар энэ нь эцэстээ даамжрах аюултай.


Comments


Бичлэг: 7 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. эмийн зохистой хэрэглээ
. цэцэг
. Чонын тухай баримтууд
. Африкийн саарал тоть
. Ерөнхийлөгчид дурсгасан зураг
. Алдартай ишлэлүүд
. Сэтгэл гутралыг даван туулах арга
. Эрүүл амьдрах энгийн 10 зөвлөгөө
. Өнгөө алдсан арьсыг арчлах арга

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. emzvi handaa
. Kunimgul
. zaya enke

Зохиогчийн эрх

© tuya




:-)
 
xaax